
BPN-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын 10 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 2022 оны 6-р сарын 15-нд болж өнгөрлөө.
2012 оноос хойш BPN-ийн Монгол дахь салбар олон улсын хөтөлбөрөө тасралтгүй амжилттай хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдэд бизнесийн удирдлагын суурь мэдлэг олгон дэмжиж ажилласан 10 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр, баяр хөөртэйгөөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн баярын арга хэмжээнд хүндэт зочид төлөөлөгчид, үүсгэн байгуулагчид, хамтран ажиллагсад болон хөтөлбөрийн оролцогчид уригдан ирсэн бөгөөд баяр дээр баяр нэмж BPN сангийн үүсгэн байгуулагч ноён Юрг Оппрехтийн гэргий, хатагтай Бенцли Оппрехт болон BPN-ийн Ерөнхий захирал ноён Вилли Хелблинг нар тусгайлан Mонголд хүрэлцэн ирж, баярын үйл ажиллагаанд оролцсон нь Монгол дахь BPN-ийн төлөөлөгчийн газарт үзүүлж буй томоохон хүндэтгэл байлаа.
BPN-ийн Монгол дахь салбарын үйл ажиллагааг хариуцсан захирал Маркус Эппэр баярын үйл ажиллагааг хүндэтгэлтэйгээр нээж, үргэлжлүүлэн Швейцар улсаас ирсэн хүндэт төлөөлөгчид монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийг тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлэн, мэндчилгээ дэвшүүлж, цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүслээ.
Үүнээс гадна Швейцарын хөгжлийн агентлагийн дарга хатагтай Стефани Бурри хүндэт зочноор уригдсан бөгөөд BPN-тэй эхлүүлсэн хамтын үйл ажиллагаа болон ирээдүйн Швейцарын хөгжлийн агентлагийн талаар зочдод мэдээлэл хүргэлээ.
Ойн арга хэмжээний үеэр хөтөлбөрийн оролцогч Мөнх-Кашмер ХХК, Монтэ Роза сургуулийн видео танилцуулгыг үзүүлж нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Уг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож хөтөлбөрт хамрагдсанаас хойших үр дүн, ахиц дэвшил, арвин туршлагаасаа хуваалцсан хөтөлбөрийн оролцогч нартаа BPN-ийн зүгээс талархсанаа илэрхийлье!
Та бүхний үнэн бодит жишээ, бизнестээ гаргасан ахиц дэвшил, чин сэтгэлийн үгсээс BPN-ийн хамт олон эрч хүч, урам зориг авч ажилладаг гэдгийг дурдахад таатай байна.
Мөн түүнчлэн BPN -ийн хөтөлбөрийн оролцогч бизнес эрхлэгчдийн төлөөлөл болгон Солонго Солюшинс ХХК-ийн захирал Н.Энхбаяр, Алиман сар ХХК -ийн захирал Н.Дулмаа, Магна ББСБ-ийн захирал Л.Отгонбаяр, Их Өсөлт ХХК-ийн захирал Х.Ихбаяр, Өөдлөн дэвжих ХХК-ийн захирал Г.Цацралтуяа нарыг тайзнаа урьж BPN хөтөлбөрт анх хамрагдах үеийн дурсамж, болон хөтөлбөрт хамрагдсанаар компанид гарсан өөрчлөлт, туршлагаа хуваалцан чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.
BPN сангийн ерөнхий захирал ноён Вилли Хелблинг, Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Маркус Эппэр болон хөтөлбөрийн удирдагч
О.Эрдэнэсүрэн нар Монголын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулан, бизнесээ амжилттай удирдан яваа хөтөлбөрийн оролцогчдодоо хүндэтгэн өргөмжлөл гардуулж, халуун баяр хүргэв.
Үүний дараа уригдан ирсэн зочид хүндэтгэлийн үдийн зоог барьж, удаан уулзаагүй хөтөлбөрийн оролцогчид хоорондоо мэдээлэл солилцож, халуун дотно яриа өрнүүлэв.
Баярын арга хэмжээнд олон төрлийн урлагийн болон загварын үзүүлбэр багтсан байсан ба хөтөлбөрийн оролцогчдын ур чадвар, мэдлэг оюунаа гарган урласан бүтээлүүдийг загварын шоугаар дамжуулан толилууллаа. Загвар бүр өөрийн гэсэн онцлог хийц, чамин, загварлаг байдлыг илтгэсэн байсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байлаа.
BPN-ийн Монгол дахь хөтөлбөрийн удирдагч О.Эрдэнэсүрэн “Бизнес эрхлэгчдийн Оргил луу” нийгэмлэгийн талаар товч танилцуулан 10 жилийн ойн баярын үйл ажиллагааг өндөрлүүллээ. Энэхүү нийгэмлэгийн гол үйл ажиллагааны нэг болох Щвейцар улсад зохион байгуулагддаг бизнес аялалд хамрагдсан дурсамж, туршлагаасаа хөтөлбөрийн оролцогч Г.Ариунцэцэг хуваалцсан юм.
Бид хөтөлбөрийн оролцогчдоосоо чин сэтгэлийн талархлын бэлэг, дурсгалын зүйлсийг хүлээн авсан нь гэнэтийн үйл явдал байсан бөгөөд та бүхэндээ талархсанаа дахин илэрхийлье.
Ирээдүйд, ирэх 10 жилд, зорьсон хүссэндээ хүрч, ажил хөдөлмөрийн өндөр амжилттай байхыг ерөөж, BPN сангийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын 20 жилийн ойг дахин хамтдаа тэмдэглэх сайхан ерөөл дэвшүүлье!