BPN “Монгол”

BPN (Бизнес Профешиналс Нетворк үгийн товчлол) нь 1999 онд бизнес эрхлэгч Юрг Оппрехтийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан Швейцарь улсад төвтэй, ашгийн бус байгууллага юм.

Бид хөгжих чадвар, хүсэл эрмэлзэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг. Манай байгууллагын зорилго нь хөтөлбөр хэрэгжиж буй улс орнууддаа аль болох олон тооны тогтвортой ажлын байр, нэмүү өртөг бий болгоход оршино. Ингэснээр эдийн засгийг хөгжүүлж, ядууралтай тэмцэж чадна. Хөгжлийн түлхүүр нь ирээдүйд бизнестээ хөрөнгө оруулалт хийж, компаниа хөгжүүлдэг тухайн улс орны бизнес эрхлэгчид байдаг. Тиймээс BPN чадварлаг бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг.

BPN одоогоор Киргиз, Никарагуа, Руанда, Монгол болон Гүрж зэрэг орнуудад үйл ажиллагаагаа явуулж байна.

BPN Монгол салбарын түүх

Тухайн үед Швейцарийн холбооны улсын Монгол дахь Швейцарийн консулын урилгаар BPN сангийн төлөөлөгчид Монгол улсад хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар 2010 онд зочилж байсан нь BPN Монгол салбар нээгдэх үндэс болсон юм.

Монгол улсад үйлдвэрлэл хөгжиж, эдийн засаг өсөх ихээхэн боломж байна. Өнөөдөр олон залуучуудад ажлын байр шаардлагатай байгаа бөгөөд тэд хариуцлагаа ухамсарлаж, эрсдэл үүрэхэд бэлэн байна. Мөн Монгол улсын засгийн газрын зүгээс сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, дотооддоо нэмүү өртгийг бий болгох тал дээр анхаарч буй нь эдийн засгийг өсгөх томоохон хөшүүрэг болж байна.

BPN нь Монголын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулахаар "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр"-өө Монгол улсад 2012 оноос амжилттай хэрэгжүүлж байна. Бидний үйл ажиллагаа ажлын байрыг шинээр бий болгоход чиглэгддэг бөгөөд жил бүр 25-30 чадварлаг бизнес эрхлэгчдийг сонгон шалгаруулж, хөтөлбөртөө хамруулж байна. Монгол салбарын хувьд одоогоор 100 гаруй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Login